Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/03/29

Sienna : Мөрөөдлийн шинэ жил

Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа.
Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ.
Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.
Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.
Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа. Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.
Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.
Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.
Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо.
Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.
Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.
Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.
Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.
Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.
Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа.
Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.
1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм.
Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.
Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа.
Жаргал хүссэн хайрын захидал
y
Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа.
Ингээд захиагаа эхлэе.
Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай. Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь билээ. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцая хэмээн оройны 10 хүртэл ангидаа буу халцгаасныг санаж байна уу. Тэр дунд үлдэхдээ л би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг бас бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг л мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсаныг бүү мэд, ихэнхийг нь л чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсоноор даруухан, хаалттай хүн шүү дээ. За тэгээд анхны ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, 4-н чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад онхолдсон оо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор. Би аваад босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан байгаа бээлийг одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй билээ, гэхдээ нэг удаа харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан. Дараа жил нь бас л ангиараа 2-р курсээ төгслөө гээд лагер явж нийллэг хийснээ эргээд сана даа. Бүгдээрээ зузаан курткатай хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад бас л хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд голдоо дэлгэсэн зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр л суусан билээ. Энэндээ бас л сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй байж магад. Ингээд 3-р курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай, бас нэг шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү :) .
Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбаад шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг зүрхэндээ санасаар л байгаа. Аз болж 3 курс дуусах дөхсөн үед манайхан нэг бут шоудаж билээ. Шөнийн 3 цагт эхнээсээ арай гэж тарцгааж билээ. 150гр татчихаад байсан би тэр зоригтоо анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэд дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиав энэ тэр жаахан л уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан хөлийн өвдөгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншаад орхисон гээч хэхэ. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ л бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн л дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх даа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пир гээд гүйж одсон тиймээ. Хэрвээ цонхоороо харсан бол би замын чулуунуудын хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. За байхдаа яахав дээ гэж нэг биш удаа бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л 3 курс өнгөрч билээ. Нуулгүй хэлэхэд 4-р курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотоссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд эргэлдээд байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор 9 сард ангийнхаа хаалгаар би орж билээ. Оронгуутаа л чамайгаа нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидтойнхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би хашгирсан билээ. Би ч хэл үг багатай хаалттай нэгэн, чи минь ч даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний л буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг чи гадарладаг байхаа. Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй /дээрх шалгалтыг эс тооцвол/ байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад чамд хайртай байхаа гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь 4 жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч /эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү/ гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэрлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суухсан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань 7 сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал нэгэн хүн гүйгээд босоод явахад л чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос орйжин бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ 2 ч очсон та хэд түүнийг тойроод л заримдаа аргадаад л, заримдаа загнаад л байсан. Ерөөсөө дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ. Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж өдөр буцахаас арай өмнө шиг арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтсэнгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна. Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд 2 жил болохдоо зөвхөн чиний тухай бичиж, ангийн нөхдөөсөө чинийн тухай сураг асууж бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн 4-н жилийн турш орь ганцаараа, хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо тэр үеийнх шигээ хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын 4 өдөр энэ сургуулийнхаа сүүлийн 2 жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын 7 өдөр нисэн ирэхийг чинь мэдлээ. Чи бид 2 зөрөх учиргүй ээ. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд 2 лаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна. Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, олон цаг утас цохин байж олсон, өдөр болгон шалгадаг электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно. Чиний минь ирэх захиа надад аж жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чинь чиний сэтгэл надад хэвээрээ тэгээд бас зүрхний минь үгийг сонссон бол миний насны хайр болохыг зөвшөөрөөч дээ.
P
Хариуг цаг минут тутамд хүлээн суух
P
Чиний хайртай ...... чинь.
Sienna.
Za unuuduruus ehleed Sienna hemeeh negen zohiolchiin bichsen uguulleguudiig tsuvralaar hurgie
Udahgui nom ni garch bidniig bayarluulah baihaa
Za ingeed ta buhen tuhlan suuj unshaarai.
Хөөрхөн

Ангийн хөвгүүдийн хөхрөлдөн шоолох дуун агаарт тархсаар тэд намайг ганцааранг маань орхиод, урд хойноо орцгоож бөөнөөрөө булан тойрон явцгаалаа. Яадаг юм хөөрхөн мэдэв үү хөөрхөн гэж тэгэхэд би анх удаагаа чанга гэгч нь өөртөө хэлж билээ. Урд нь ингэж шоолуулан ганцаараа үлдэж байгаагүй надад тун эвгүй ичмээр ч юм шиг, уйлмаар ч юм шиг ганцаардал гэгч нөмрөн ирсэн боловч би өөрийн бодлоосоо сөөм ч гэлээ ухарсангүй. Ангийнхан дундаа ганц урдаа барьдаг хөлбөмбөгийн бартарын хувьд зарим нэгнээ нийлж байгаад бяцхан шоглочихдог, бас ч гүй өөрийн нөхдийн хүрээлэлтэй нэгэн байсан би гэдэг хүн яагаад ингээд шоовдорлогдон үлдсэний учрыг тайлбарлая.
Өглөө сүүлийн цагийн хичээл цонхлоод бөөн баяр, манай ангийн хэсэг нөхдүүд цүнх саваараа бие биеэ цохин сургуулийн хаалгаар чихэлдэн гараад хаврын урь орсон дулаахан өдөр сургуулийн өнцөгт байдаг сандал дээр овооролдоод шинэ ирсэн түүхийн багшийн тухай ам булаалдан ярьж эхэллээ. Манай сургуульд залуухан эмэгтэй багш ховор байдаг болохоор шинээр ирсэн тэрхүү багшийн тухай дэлгэсэн элдэвийн яриа маань нэг л мэдэхэд ангийнхаа хэдэн охидын тухай болон хувирч орхив. Бидний цуглаан үе үе охидынхоо тухай яриа болон хувирдаг байсан хэдий ч өнөөдрийн өдөр шиг нэг нэгнээсээ ичиж зоволгүй нэр зааж тэр тэр хөөрхөн гэж авч хэлэлцэж байгаагүй сан. Миний бодлоор манай ангид хамгаас хөөрхөн ганц л охин байдаг билээ. Би түүнийг л дотроо хамгийн хөөрхөн гэж бодож явдаг боловч хэн нэгэнд ил гаргаж хэлж байсангүй, тийм учрал ч тохиож байсангүй. Нэгэн удаа намар хичээл ороод удаагүй байхад манай ангийнхан ангийн багшийг ятган байж хагас сайн өдөр эртлэн цугларч, Богд уулын энгэр өөд бидний нэрлэсэнээр зугаалга хийсэн билээ. Өглөө эртлэн босоод үүргэвчээ аван ээжийн бэлдэж өгсөн зүйлийг чихэн барин хийж, цайгаа ч бүрэн уулгүй яаран сандран сургууль дээр иртэл ангийхан маань ихэнх нь ирчихсэн багшийг тойрон шуугилдаж байна. Яг тэр өдөр л би хэдэн жил нэг ангид суралцаж байсан мөртлөө олж хараагүй байсан ангийнхаа охины хичнээн хөөрхөн нэгэн болохыг анх удаа хараад, урд нь яагаад нүдэнд минь тусаагүйг, бас би яагаад түүнийг олж ажиглаж байгаагүйгээ гайхширсан хэдий ч зүрх минь өөрийн эрхгүй булгилан цохилоход, ёстой хөөрхөн гэж өөрийн эрхгүй дотроо шивнэсэн юм даа. Намайг харж байгааг огтхон ч анзаараагүй тэр охин намар цагийн сэрүүнийг ажралгүйгээр, ишэн дээрээ эгц ургасан хэвээр байгаа үнгэгдэж гундаагүй хээрийн сарнай цэцгийн бүдэг ягаан дэлбээнд турьхан хуруугаа зөөлхөн хүргэн энхрийлэхдээ, нарны хамгийн сайхан цацрагийг өөртөө шингээж эргүүлэн цацруулж байгаа мэт гайхам сайхан инээмсэглэж байж билээ. Бусдаас зайдуухан суугаад хээрийн цэцгийг энхрийлэн илбэж буй түүний нүд нь очтон гийж, зөвхөн энэ л цэцгийг олж харсандаа баярлан инээмсэглэх тэрхүү охины жаргалтай мишээлт нь миний зүрхэнд хүрч, сэтгэлийг минь үнэхээр хүчтэй догдлуулж чадлаа. Юутай хөөрхөн юм бэ. Яг л би ингэж сэтгэлдээ шивнэсэн. Тэр охинд гоёмсог хөмсөг, давхраатай эргэлдсэн алаг нүд, өөгүй цагаан царай гээд л бусдын хэлдэг хөөрхөнд тооцогдох элдэв гоёл байсангүй хэдий ч. Надад тэр хамаагүй ээ. Чиний хиргүй нандин сэтгэлийнхээ гүнээс инээмсэглэх жаргалтай мишээл тодруулсан энгийн сайхан царай чинь л надад юугаар ч сольшгүй хөөрхөн санагдсан, тэгээд чи тэр л төрхөөрөө миний зүрхэнд ертөнцийн гоо үзэсгэлэн гэж чухам юу вэ гэдгийг анх ойлгуулсан билээ. Өнөөдрийн бидний ярианд би ч бас үнэнээ л хэлсэн юм. Хөөрхөн гэсэн охидуудаа бараг дуу нэгтэйгээр дэмжиж дуусахад нь би гайхлаа. Тэрнийг минь хэн ч хөөрхөн гэж нэрлээгүйд жаахан гайхширсан ч бодох санах юмгүй хэлээд л тавьчихлаа. Тэр хөөрхөн. . .
Эргэн тойрон хэдхэн секунд чив чимээгүй болсоноо энд тэндгүй намайг шоолон инээх дуу газар авлаа. Арай ч дээ, тэрийг хөөрхөн гэж байгаа юм уу. . . Юу нь хөөрхөн юм хэмээн хэн нэг нь надаас шооч инээдийн дуун дундуур асуухад өөрийн эрхгүй юм бүхэн нь хөөрхөн хэмээн зэвүүцэнгүй хариулж орхисон. Та нар өөрснөө тэнэг, хэн нь хөөрхнийг ялгаж харахгүй байна уу хэмээн би өөрийн эрхгүй шоолуулсандаа бахардан өгүүлтэл ха ха хэмээн инээлдэх манай ангийнхан тэр дороо надад элдвээр нэр хоч өлгөж эхэллээ. Олон хүнд нэг дор шоолуулах хичнээн муухай байсан ч гэлээ би худлаа худлаа гэж тэгэхэд хэлээгүй юм шүү. Уурлах хорсох, бачимдах зэрэгцсэн намайг манай ангийн хөвгүүд бахаа ханатал шоолон инээлдэж тэр өдөр орь ганцааранг маань сургуулийн гадна орхин явцгаасан юм даа . . .
Нилээдгүй жилийн дараа ангийн маань нэг нөхөр удаан хугацаагаар сурсан сургуулиа төгсөн гадаад орноос ирсэнээр ангийнхан маань ихэнх нь цуглан уулзаж хөөр баяр болон багын дурсамжаа хуваалцан бүтэн оройг хамтдаа үдлээ. Тэр маань оройхон хоцорсхийн ирэхэд нь бид түүнийг бараг л танихгүй шахам болсон байв. Сайхан хүүхэн болжээ. Гуалиг биетэй, эргэлдсэн алаг нүднийхээ тас хар уртаа гэгч сормуусаар шилбүүрдсэн үл таних сайхан хүүхэн бидний дунд чихэлдэн сууснаар манай ангийн залуусын дунд багийн нэгэн дурсамж эргэн ирлээ. Чи ч мөн нүдтэй хүү байжээ, арван жилд байхад чамайг хөөрхөн гэж ганцаараа хэлээд уурлаж байхад нь бид мөн ч их шоолж мөн ч их хочилж билээ. Гэтэл багаасаа л ёстой билгийн нүдтэй хүү байж шүү хэмээн хэсэг цаашлуулж билгийн нүдтэй хүүг яагаад одоо болтол эхнэр аваагүй байгааг тал талаас минь шалгааж эхэллээ. Санаанд нийцсэн хөөрхөн бүсгүй тааралдахгүй байна аа гэж үнэнээ хэлэхсэн. . .
Би үнэнээ хэлсэнгүй ээ, хэлсэн ч тэд аягүй л бол хэдэн жилийн өмнөх шиг дахиад л ойлгохгүй байсан биз дээ. Уулзалт задгайрч баарны бүдэг гэрэлд наргих халамцуу голдуу ангийнхан маань эхнээсээ хэд хэдээрээ гэрийн зүг харьцгааж эхэллээ. Тэр маань удалгүй суудлаасаа наашлан миний дэргэд ирж сууж, бид жаал ярьцгаалаа. Намайг тэгж хэлж байсныг чинь би ер мэдэлгүй өнгөрсөн байна шүү, өөрийгөө би ердөө ч хөөрхөн гэж боддог байгаагүй л дээ. Харин одоо би ямар болсон байна. Ингэж хэлээд тэр миний нүдрүү эгцлэн харж инээд алдан суулаа. Тас хар хөмсөг шивүүлсэн нь ойрхон суугаа надад ажиглагдаж байлаа. Энэ давхраатай алаг нүд ч, тэр бяцхан шулуун хамар ч миний танил төрх биш байлаа. Би зохиогүй гэж хэлж чадахгүй ээ, сайхан л харагдаж байна. Харин түүний нүд нь оч адил гялалзан гэрэлтэхээ хэдийнэ байж, будмал сормуусаа эргэлдүүлэн хүйтнээр шилбүүрдэхдээ сурамгай болсоныг ажлаа. Миний зүрхэнд хоногшин үлдсэн, сэтгэл догдлуулсан тэр сайхан инээмсэглэл түүний нүүрнээс гээгдэн үлдээд хир удсаныг харин би тааж чадахгүй нь. Өөдөөс минь зөвхөн хүссэн үедээ хэний ч өмнө инээж чаддаг, тооцоотой бас сэтгэлгүй мэт инээмсэглэл нүүрэндээ тодруулсан үл таних бүсгүй сууж байх шиг санагдана. Хорвоод хоёр нар мандсан мэт, хүний сэтгэл догдлуулж эргэн тойрон гэрэл цацруулсан чин сэтгэлийн инээмсэглэл чинь хаашаа одсон юм бол доо. Түүнийг би хөөрхөн гэж огт хэлсэнгүй ээ. Тэр маань хөөрхөн биш байлаа. Би түүнд чи их царайлаг болжээ гэж хэлсэн, тиймээ тэр хөөрхөн байгаагүй юм. Ердөө л бусад олон олон хүүхнүүдийн нэгэн адил царайлаг бүсгүй болон хувирсан байлаа. Харихаар ганцаар гадаа гарлаа. Намрын сүүлчийн сарын сэвшээ салхи нүүр лүү сэрүү татуулан үлээнэ. Сэтгэлийг минь догдлуулсан хөөрхөн хэн нэгэнтэй би удахгүй учирна гэдэгтээ итгэлтэй байна. Түүнийгээ би зөрөн өнгөрөх эдгээр олон охид бүсгүйчүүдийн дундаас нарны цацрагийг өөртөө хураагаад, итгэл сэтгэл дутагдсан өрөөл бусдад эргүүлэн цацруулах мэт гайхам сайхан инээмсэглэлээр нь таньж олох болно. Тэгээд л энэ олон жил хэлэх сэн гэж хүсч байсан үгээ, хоёр гарыг нь атгаад чанга дуугаар түүндээ хэлнэ .
Чи үнэхээр хөөрхөн юмаа. Яг л ингэж хэлнэ дээ. . .

Ц.Хулан. Эх орон танаа

Тарааж болохгүй, хувааж ер боломгүй
Талынх нь дов жалгаар салхи дэгдэж барамгүй
Саран өртөөлж, наран тойроглож ханамгүй
Сайхан эх орон танаа хатуу үг хэлье

Элэг зүрхнээс уяатай гэж хэдэн үеэрээ монголчууд дуулдаг юм
Энэ хэдэн хүүхэд чинь жаргах цаг хэзээ байдаг юм бэ
Талаар нэг тараасан хүн чулуудаа та хар,
Таны элгэнд өвс болж ургасан баатруудаа сана, эх орон...
Ямбатны олбог, найрагч миний ширдэгнээс
Ямар ялгаатай байдаг юм
Ясны нимгэн, цусны өнгөөр
Монголоо хэд хуваах гэсэн юм
Яагаад миний сэтгэлд харин
Бүтнээрээ байдаг юм, эх орон...
Алтайг давж, Өлгийг орхисон хасгууд чинь
Ага-Ыигийн дэгдээхэй, уран жиргээт домбороосоо
Арай л илүүтэй Монголыгоо зүүдэлж яваа шүү
Захчин, торгууд амтай хэлтэй мянгад чинь
Заяын хүрээ сахисан номхон торгон өөлд чинь
Босоо нүдэн сартуул, Дарьгангын дөрвөд чинь
Ботгоны мөр шиг Монголдоо бултаараа хайртай
Болоо юм биш үү, эх ороон?

Осолдохгүй, таны л гунигаар хоолой норгож
Орь залуудаа Боржигон Нацагдорж шүлгээ хумьж
Тоостой судар шагайсан мэргэд хөвгүүд чинь
Торны цаанаас чамайг л дууддаг биш бил үү
Тоож хэний нулимсыг арчих юм бэ, эх орон?
Хаад ноёдын өмнө бөхөлздөгөө больж үз,
Харийн улсын алган дээр алтаа дэлгэхээ азнаж үз
Хар толгойны дээр отго жинс л тогтдог
Харц биднийхээ цээжинд эх орон та хоргоддог...
Нүүдэл гүйцэхгүй тогорууны даль шиг хөх туганд
Нүүрээ нааж үнсдэг харцынхаа хүүхдийг хайрла
Хадаг дэлгэдэг гар дээрээ ерөөл тавьж айлтгая
Харуусал гунигтай цээжинд минь итгэл өгч хайрла
Соёмбо алтарсан ууланд минь
Солонго тоглосон талд минь
Хулан хулжаах говьд минь
Хуур эгшиглэх монгол гэрт минь
Ялгуусан төрийн ивээлээ тэгшхэн хүртээж үз
Ямар ч цагтаа эх орон та Эх орон шиг байж үз
Зуузай холбосон дэлхийн гүрнүүд
Зуун хүлэг шиг уралдаж гэмээнэ
Тоосон дундаас сарваа даага шиг
Торойтол ганцаараа түрүүлээд ир
Торгууд, халх, буриад чинь
Тосоод авна эх орон минь
Залбирдаг бурхан шиг минь гийгүүлээд ир
Сөхрөөд уная, эх орон минь
Загнуулдаг хүү шиг минь өмөлзөөд ир
Тэврээд авна, ард түмэн чинь!
Ene ih goe duu bgaa yum
say huduu yavahdaa tuvt sonsood tseejilchihjee.