Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/02/28

Ц.Бямбажаргал : Хорин таван нас

Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас

Туулах тавилант ертөнцдөө зун болж дэлгэрсэн
Дурсах дурсамжынхаа хэлхээнд охь нь болж гоёсон
Алдаа онооны заагаас
Айдсаа нуусан бардамнал
Ухаалаг төрсөн бүсгүйн харцнаас
Үгээ цэнэсэн ичингүйрэл
Унаж тусаж босоод урагшаа гишгэж яваа
Аяа миний хорин таван нас

Хорьж болохгүй хориод ч дийлэхгүй
Үерийн ус шиг урсаж яваа
Хотлын наадамд тавын даваанд
Бүдэрсэн бөхийн шарлахалыг
Холбоо бодолдоо багтаасан
Хойшдын хавруудын учралыг
Хүлээж биш хүлээлгэж байгаа
Аяа, миний хорин таван нас

Хойноос үлээх салхийг намайг намуухан байна гэж голоод
Хоошид ирэх ухаарлыг хол байна гэж огоорч
Алдаа онооны жин дээр адилхан тэнцүү гишгэсэн
Эрх ч гэлээ эрдүүхэн
Хөгтэй ч гэлээ хүчтэйхэн
Аяа миний хорин таван нас

Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
Нулимсаа арчаад инээж яваа
Аяа миний хорин таван нас

No comments: