Миний тухай

Нэг их гавъяа байгуулж нэр алдарт гарахгvй ч, Охин минь том болоод надаар овоглохдоо олноос ичэхээргvй эцэг байхсан

2007/02/22

Домогт Монгол /үргэлжлэл/

Хөх Нуурын дээд Монголчуус
-
-
Монгол Төвдийн завсарт торгон замаас ургашаа уулархаг нутгийн дундах тунгалаг нуурыг Хөх Нуур хэмээнэ. Хөх нуурыг тойрон нүүдэллэн нутаглах Монголчуусыг Хөх Нуурын Монгол буюу дээд Монгол гэж нэрлэсээр иржээ. Одоо энэ нутгийг Шингхай муж гэж Хятадад нэрлэдгийн "Шинг" нь хөх, " хай" нь нуур гэсэн утгатай үг. Учир нь XIII дугаар зуунд "Өгөөдэй хааны хүү Хүдэн (Годанг) хааны цэрэг уулархаг нутгийн цавчим давааг давахад уулсын билээс нуурын тунгалаг усанд тэнгэр ойж гүн цэнхэртэн харагдсан тул Хөх нуур хэмээвэй" гэсэн домог бий. Ямартай ч хятадуудаас өмнө Монголчууд суурьшсан учраас Хөх Нуур гэсэн Монгол үгийг анхдагч нэр нь гэж би бодож байна.
-

-
Хүдэн хаан Хөх Нуурт нутаглаж тэндээс Төвдийг захирч байсан нь Монголчууд тэнд суурьшсан тухай түүхэн сурвалжид анх бичигдсэн. Yүнээс хойш Хөх Нуурт суурьшсан Монголчуусын тухай түүхийн баримт хадаглагдан үлдэлгүйгээр Дөрвөн Ойрдын Төрбайх хааны үеийг хүрдэг билээ. Төрбайх хаан нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын 15 дүгээр үе болох агаад Тарвагатайн нуруугаар нутаглаж ирсэн баруун Монголчуусын хаан юм. Төрбайх хаан нь Хөх Нуурт харъяат ардуудаа аван нүүдэллэн ирсэн нь Манж хүчирхэгжиж баруун зүүн Монголын хооронд яс хаяж түүнээс үүдэж улс төрийн тэмцэл үүссэнээс залхан дайжсан гэж ойлговол үнэнд ойрхон буух мэт ажуу. Энэ үеийг одоогийн он тоололд шилжүүлбээс 1630-1640 оны хооронд болсон үйл явдал. Төрбайх хааны албат 100 мянга байсан гэж үздэг. Удалгүй Хөх Нуур нутагт Халхын Цогт тайж 200 мянган харъяат албатаа авч нутагласнаар тэр хоёрын хооронд зөрчил ихсэж, Цогт тайж ялагдан Хөх Нуурын Монгол, Тангадуудыг Төрбайх хаан захирах болжээ. Улмаар төвдүүдийг нөлөөндөө оруулж Лхасааг захиран суух болсон тул Төвдийн Далай лам түүнийг "гүүш хаан" гэж нэрийджээ. Гүүш нь "eсөн эрдэмд нэвтэрсэн" гэж Монгол хэлэнд бууна.
-
Төрбайх хааны захиргаанд байсан Монголчуус нь одоогийн Хөх Нуурын 19 хошууны өвөг дээдэс болно. Баруун Монголын хаан Галдан Бошигт Манжид ялагдаж түүний төрөл садан болох Цоросын Зодон Баатар, Зоригт хошууч нар Хөх Нуурт дайжин ирсэнээр одоогийн Цоросын хоёр хошууны өвөг дээдэс болно. Торгуудын Бор Агалах, Манхай баатар нар нүүн ирж Торгуудын дөрвөн хошууг үүсгэсэн. Бойго өрлөгийн (Бор Агалах нь Кэрэйдийн Ванг хааны 6 дугаар үе Махач Мөнхийн хүү) 3 дугаар хүү болно. Кэрэйд аймаг нь одоогийн халхын төв нутагт оршиж байгаад Нууц Товчоонд дурдсанаар Чингис хааны цэрэгт ялагдаж одоогийн Урайнхайн хязгаарт зугтан гараад сүүлдээ Торгууд аймаг гэж нэрлэгдэх болсон. Монголын эзэнт гүрний үед тэдгээр торгуудууд нь олон газарт цацагдан тарсан ба тэднээс Урайнхайн гурван аймаг Хар Мөрөн, Нун Мөрөн, Хатан голоор нутаглах болсоноор Харчин, Хорчин, Түмэдийн өвөг дээдэс болдог. Торгуудууд тухайн үедээ eврeй нар шиг хувь заяагаар Монголын өргөн нутгаар ихэд тарсан ястан билээ. Манжийн үед тэдний зөстэй эрс удаа дараа бослого гаргасан учир Манжийн эзэн хаан тэднийг өртөөгөөр цувруулан саринаасан байна.
-
Хөх Нуурт буй алдартай газар гэвээс Бурхан шашны 6 том хийдийн нэг Күмбум болно. "Күм" нь Бурхан "бум" нь "10 мянган бурхан" (Монгол дуудлага "Гүнбэн") гэсэн төвд үг агаад Буман бурханы орон хэмээгдэх утгатай, шарын шашныг үүсгэн байгуулагч Богд Зонхивын өлгий нутаг билээ. Хөх Нуурын баруун хэсгийг Хайсэ ("нуурын баруун") гэх агаад үүгээр Цайдамын Монголчуус нутагладаг ба Ажиа гэгээний өлгий нутаг болно. Ажиа гэгээн нь Богд Зонхивын аавынх нь 21 дүгээр дүр, "ажиа" нь төвдөөр аав гэсэн утгатай үг билээ. Дээд Монголчуусаас Сэртэг номон хаан гэж бас нэгэн Монгол гэгээн төрсөн түүхтэй. Анх уулзахдаа Ажиа гэгээн баруун Монгол аялгаар ярьдаг байлаа. Би Монголчуудыг дагуулан очиж босгийг нь илээсээр байгаад харин одоо төв халхаар ярьдаг болчихсон байна лээ. Нуурын өмнөд ("Хэнанг") хэсэгт амьдрах Монголчуус нь төвдүүдэд хэт ойрхон байснаар тэдэнд уусаж бараг төвдөөр ярьдаг болжээ. Харин тэгэхэд Цайдамын Монголчуус нь төрөлх Монгол хэлээрээ ярьж "Цайдамын сонин", "Цэцэгт Цайдам" сэтгүүлүүд одоогоор гаргасаар байна.
-
Нүүдэлчин ёс заншлаа хаяагүй Цайдамын Монголчуус манайд нүүгээд ороод ирлээ гэхэд Алтайнханаас нэг их ялгагдахгүй биз ээ. Тэдний зуун хойд хаяаг дэрлэн орших Монголчуусыг "цастын Монгол" гэх ба тэд Гансу мужид амьдардаг. Хөх Нуурын дээд Монголчуудын тухай манай бандихай багад ингэж хуучилдаг байсан юм:- "Залуу байхад жинчин дагаад Утаа Гүнбэнд (Күмбум) орох замд хуйхуй нар (хуйхуйз буюу лалын шашинтай хотонгууд) гээд тааралдсан хүнээ алдаг айхтар дээрэмчид олон бий. Уулсын бартаан дундаас тэднийг гараад ирэх вий хэмээн айдас төрүүлэн эмээж явахад хааяа дээд Монголчуудтай тааралдана. Дээд Монголчууд их сүртэй. Цахиур бууныхаа хөлийг ургаш сойгоод үүрдэг болохоор тэр нь янгирын эвэр шиг сэрийгээд хүнээсээ өмнө толгодын дээгүүр цухуйгаад гараад ирдэгсэн" гэж хуучилдаг байлаа. Одоо дээд Монголын эрчүүд нь төвд дээл, эмэгтэйчүүд нь торгууд хувцас өмсөж бургасан гэртээ сүүгээ хөөрүүлж өрмөө хураасаар амьдарч явна. Төгсгөлд нь би "Монголчуус" гэдэг үгийг энд хэрэглэснээ тайлбарлая. Баруун Монгол буюу Хөх Нуурын аялганд "Монголчууд" гэдэг үгийг Монголчуус хэмээн дууддаг билээ. Алтайд мөн адил билээ.
-
Ш.Баатар

No comments: